Нэгэнт та гадаад хэл суръя гэж шийдсэн бол сурсан зүйлээ хэрэглэхийг хүснэ. Хэрэглэх гэдэг нь тэр хэлээрээ ярих, бичих, унших бөгөөд бусадтай харьцахыг хэлдэг. Хэдэн үг цээжлээд тэднийгээ хооронд нь зөв холбохын тулд танд хэлзүйн дүрэм зайлшгүй хэрэг болно. Бид өмнө нь англи хэлний энгийн одоо цагийн тухай ярьсан бол энэ удаад энгийн өнгөрсөн цагийн тухай товч авч үзье.
Англи хэлний энгийн өнгөрсөн цаг нь ямар нэгэн үйл явдал болж өнгөрсөнийг илэрхийлдэг бөгөөд монгол хэлний үйлт нэрийн –сан, -сэн, -сон,-сөн буюу –жээ, -чээ нөхцөлөөр илэрдэг. Ямар нэгэн үйл явдал тодорхой газар, тодорхой цаг хугацаанд болж өнгөрсөнийг энэ цагаар илэрхийлдэг. Цаг хугацааны хувьд үйл явдал нь маш богино агшинд буюу урт удаан хугацаагаар үргэлжилсэн байж болно.
We began the experiment three days ago.
Энэхүү туршилтыг бид гурван өдрийн өмнө эхэлсэн.
We didn’t see him yesterday. Өчигдөр бид түүнтэй уулзаагүй.
Their car exploded at 9:30am yesterday. Өчигдөр өглөө ёс гучид тэдний машин дэлбэрсэн.
Dinosaurs lived millions years ago.
Динозаврууд сая сая жилийн өмнө амьдарч байжээ.
Энгийн өнгөрсөн цагт аливаа үйл явдал хэдий хугацааганд үргэлжилсэн нь хамаагүй бөгөөд харин үйл явдал төгссөн эсэх нь чухал байдаг. Тухайлбал, дээрхи өгүүлбэрүүдэд хэдхэн секундэнд дэлбэрсэн машины тухай ч, хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан амьтаны тухай ч энэ цагаар илэрхийлж болдог байна.
Иймд энгийн өнгөрсөн цагаар:
1. үйл явдал болж өнгөрснийг илэрхийлнэ.
I saw a movie yesterday. Өчигдөр би кино үзсэн.
Did you have dinner last night? Өчигдөр оройн хоолоо идсэн үү?
She washed her car. Тэр машинаа угаасан.
Were you angry? Чи ууртай байсан уу?
He played the violin. Тэр хийл хөгжмөөр тоглосон.
2. болж өнгөрсөн үйл явдлын цаг хугацааг тодорхойлдог.
Ann studied Mongolian for five months. Анн таван сарын турш монгол хэл сурсан.
They sat at the beach all day. Тэд өдөржингөө далайн эрэг дээр байсан.
We talked on the phone for thirty minutes. Бид хагас цагийн турш утсаар ярьсан.
A: How long did you wait for them?
B: I waited for one hour. А. Та тэднийг хэр удаан хүлээсэн бэ?
B: I waited for one hour. А. Та тэднийг хэр удаан хүлээсэн бэ?
Б. Би нэг цаг хүлээсэн.
3. үйл явдал хаана болж өнгөрснийг хэлж өгдөг.
I lived in England for two years. Би Англид хоёр жилийн турш амьдарсан.
Last year, they traveled to Japan. Тэд өнгөрсөн жил Япон руу жуулчлаад ирсэн.
I was at work yesterday. Би өчигдөр ажил дээрээ байсан.
4. ямар ямар үйл явдал болоод өнгөрснийг дэс дарааллаар нь харуулдаг.
John arrived from the airport at 8:30, checked into the hotel at 9:00, and met the others at 10:00. Жон онгоцны буудлаас 8:30 ирээд, 9 цагт зочид буудалд бүртгүүлээд, 10 цагт бусадтайгаа уулзжээ.
Did you add some flour, pour the milk, and then add the eggs? Чи жаахан гурил нэмээд дээрээс нь сүү хийгээд дараа нь өндөгнүүдээ хийсэн үү?
I finished my work, walked to the park, found a nice place and sat down on a stone seat. Би ажлаа тараад парк руу алхаж очоод, тэнд амрах аятайхан газар олж чулуун сандал дээр сууж амарсан.
The door opened and James Bond entered. He took off his coat, which was very wet, and ordered a drink at the bar. Хаалга онгойход Жэймс Бонд орж ирэв. Нэвт норсон пальтогоо тэр тайлаад баарнаас уух юм захиалав.
Англи хэлний үйл үгс энгийн өнгөрсөн цаг дээр дүрмийн ба дүрмийн бус гэж хоёр хуваагддаг. Дүрмийн үйл үгс үйл үгийн үндсэн дээр -ED нэмж үүсдэг, жишээлбэл:open- opened, close- closed, like- liked.
Гэтэл англи хэлэнд дүрмийн бус үйл үг гэж 250 гаруй үгс байдгаас ердөө 20% нь түгээмэл хэрэглэгддэг бөгөөд тэдгээр 50 гаруй үгс нь өдөр тутмын ярианы хэлэнд байнга хэрэглэгдэдгээрээ онцлогтой.
Англи хэлний толь бичиг бүрт дүрмийн бус үгсийг хүснэгтээр хавсаргадаг. Дүрмийн бус үгсийг тогтоох дараах хялбар арга байдаг.
Эхний ээлжинд хэлбэр нь өөрчлөгддөггүй хэсэг үйл үгсийг тогтоох:
1.cut -cut- cut зүсэх
cost -cost- cost үнэлэх
let -let- let зөвшөөрөх
shut – shut- shut хаах
put –put- put тавих
2. send – sent- sent илгээх
lend- lent- lent зээл өгөх
spend – spent- spent зарцуулах
3. lead –led- led тэргүүлэх
feed –fed- fed тэжээх
bleed –bled- bled цус алдах
4. know –knew- known мэдэх
grow - grew- grown өсөх
blow –blew- blown үлээх
throw –threw- thrown шидэх
5. sing –sang- sung дуулах
ring –rang- rung хонх дуугарах
drink – drank- drunk уух
begin –began- begun эхлэх
6. feel –felt- felt мэдрэх
sleep –slept- slept унтах
keep –kept- kept хадгалах
sweep –swept- swept шүүрдэх
7. say –said- said хэлэх
pay –paid- paid төлөх
lay –laid- laid хэвтээгээр тавих
8. bear –bore- born төрөх
tear –tore- torn урах
wear –wore-worn өмсөх
9.buy –bouhgt- bought худалдаж авах
bring –brought- brought авчирах
think –thought- thought бодох
teach –taught- taught заах
10. do –did- done хийх
go- went- gone явах
see –saw- seen харах
be –is- was- been байх
Энэ мэтчилэн дүрмийн бус үйл үгсийг арван хэсэгт хувааж өдөр бүр нэг нэг үйл үгээр нэмж тогтоогоод байвал таны үгсийн сан хурдан сайжирхаас гадна хэл зүйн мэдлэгт тань хувь нэмэр болно.
Энгийн одоо цагийн асуух өгүүлбэрийн эхэнд DO гэж ордог бол өнгөрсөн цаг дээр тэр нь DID болж хувирдаг.
Where do you study? Та хаана сурдаг вэ?
Where did you study? Та хаана сурдаг байсан бэ?
Do you live here? Та энд амьдардаг уу?
Did you live there? Та тэнд амьдардаг байсан уу?
Энгийн өнгөрсөн цагийн DID нь энгийн одоо цагийн DO шиг DOES болж хувирдаггүй.
Үгүйсгэсэн хэлбэр нь didn’t.
I didn’t like him before. Би түүнд дургүй байсан.
I didn’t know that you live there. Тэнд амьдардагийг чинь би мэдээгүй.
Дахин давтагдахгүй түүх болоод өнгөрсөн үйл явдлыг энгийн өнгөрсөн цагаар илэрхийлэхдээ хавсарсан нийлбэр өгүүлбэр хэрэглэдэг. Англи хэлний who, what, that, whose, which гэх мэт асуух үгс нь хавсарсан нийлмэл өгүүлбэрт холбоос үг болж ордог.
Did you play a musical instrument when you were a kid? Та хүүхэд байхдаа ямар нэгэн хөгжмөөр тоглодог байсан бэ?
We knew who was there. Тэнд хэн байсныг бид мэдэж байсан.
I lived in that house when I was young. Би бага байхдаа тэр байшинд амьдардаг байсан.
Хавсарсан нийлмэл өгүүлбэр зохиохдоо холбоос үгийг хаана хэрэглэх талаар анхаарах зүйл байдаг, тухайлбал:
When I paid her one dollar, she answered my question.
She answered my question when I paid her one dollar.
Түүнд нэг доллар төлсний дараа тэр миний асуултанд хариулав.
Дээрх хоёр өгүүлбэр нь нэг л утга илэрхийлж байна, тухайлбал: эмэгтэйд нэг доллар төлсний дараа тэр эмэгтэй асуултанд нь хариулжээ.
Доорхи хоёр жишээн дээр гишүүн өгүүлбэрийн утга дээрхээс өөр утга агуулж байгааг анхаарна уу.
I paid her one dollar when she answered my questions.
When she answered my question, I paid her one dollar.
Миний асуултанд хариулсаных нь дараа би түүнд нэг доллар төлсөн.
Эхний хоёр өгүүлбэрт мөнгө төлснийх нь дараа эмэгтэй асуултанд нь хариулсан бол дараагийн хоёрт мөнгө төлөхөөс нь өмнө тэр эмэгтэй асуултанд нь хариулжээ.
Иймд хавсарсан нийлмэл өгүүлбэрийн гишүүн өгүүлбэр өгүүлбэрийн эхэнд болон төгсгөлд байх нь чухал биш харин холбоос үг хаана орсноор өгүүлбэрийн утга өөрчлөгддөг.
Хүн гүйж сурахын тулд эхлээд явж сурах хэрэгтэйн адил гадаад хэлээр зөв ярихын тулд юуны өмнө хоёр үгийг хооронд нь зөв холбож сурах хэрэгтэй байдаг. Үгсийг зөв холбож сурахын тулд хэл зүйн дүрмийг ойлгож мэдсэн байх ёстой. Гэтэл хүмүүс хэл зүйн дүрэм үзээд эхлэхдээ амархан шантарч мохдог. Хэл зүйн дүрмийг бага багаар системтэй үзэж ард нь гарч чадвал та амжилтанд хүрнэ.
Ш.Наранчимэг
No comments:
Post a Comment