Tuesday, December 1, 2009

АНГЛИ ХЭЛНИЙ ЭНГИЙН ОДОО ЦАГ БОЛОХ PRESENT SIMPLE TENSE

Англи хэлний хэл зүйн дүрэмийг одоо, өнгөрсөн, ирээдүй гэх гуравхан цагтай монгол хэлтэйгээ харьцуулахад цагийнхаа тоогоор хэд дахин давж эхлэн сурч байгаа хүнд ойлгоход нилээд төвөгтэй юм шиг санагддаг.

Гэтэл монгол хэл маань бусдад тийм амархан хэл гэж үү? Бас тийм биш юм аа. Монгол хэлний явах гэдэг үйл үг нь явав, явжээ, явсан, явчихлаа, явчихсан, явагдсан, явангуут, явмагц, явж байна, явах гэж байна, явдаг, явна, явах, яв, явсаар, явуул, явaхаар, явбал, явтал, явмаар гэх мэт олон хэлбэрээр хувирахдаа гадаад хүмүүст мөн л хэцүү хэл гэж тооцогддог биз ээ. Бид хэн нэгэн хүнийг "гараад явчихлаа" гэж хэлэхдээ тэр явсан хүнийг дөнгөж сая гарахыг нь өөрийн нүдээр харсан гэдгээ хэлж байгаа бол "явжээ" гэдэг үгээр явахыг нь хараагүй харин хэн нэгэн хүнээс сонссоноо ингэж хэлдэг маань гадаад хүнд ойлгоход бас амаргүй.

Угтвар /prefix/ болон угтвар үггүй /preposition/ монгол хэлний эдгээр олон дагаваруудаар англи хэлний цагуудыг илэрхийлдэг.

Англи хэлний энгийн одоо цаг гэх Present Simple Tense нь байнга давтагдаж байдаг үйл явдлыг илэрхийлдэг монгол хэлний үйлт нэрийн одоо цагийн -даг, -дэг, -дог, -дөг дагaвраар илэрдэг.

Do you speak English?

Та англиар ярьдаг уу?

Sometimes John calls her "my darling".

Жон заримдаа түүнийг "хонгорхон минь" гэж дууддаг.

Students take their exams twice a year.

Оюутнууд жилдээ хоёр удаа шалгалт өгдөг.

I live in Mongolia. My friends live in Virginia.

Би Монголд амьдардаг харин найз нар маань Виржиния мужид байдаг.

The Earth goes round the Sun.

Дэлхий нарыг тойрдог.

The school year begins in September.

Хичээлийн жил 9 сард эхэлдэг.

Аливаа хэлний үйл үгийг ямар цаг дээр илэрхийлэх вэ гэдэг нь тухайн агшинд өгүүлж буй үйл явдалаас ихээхэн хамаардаг. Англи хэлний энгийн одоо цаг нь байнга давтагдаж байдаг үйл явдлыг илэрхийлдэгээрээ хүмүүсийн зуршил болсон зүйл, цагийн хуваарь гэх мэт өдөр бүрийн амьдралд тохиолддог зүйлийг хэлэхээс биш яг одоо, энэ агшинд болж байгаа үйл явдлыг илэрхийлдэггүй. Иймээс always дандаа,usually ер нь, often байнга, seldom хааяа, sometimes заримдаа, every day өдөр бүр, never хэзээ ч -гүй гэх мэт дайвар үгс нь энгийн одоо цагтай хэрэглэгддэг.

Sometimes I meet your father at the metro station.

Заримдаа би аавтай чинь метрон дээр тааралддаг

They call me every day.

Тэд өдөр бүр над руу ярьдаг.

My parents always worry about Ken.

Ээж аав маань Кены талаар дандаа санаа зовж байдаг.

Давтамж илэрхийлсэн дайвар үгс үйл үгийн өмнө хэрэглэгддэг боловч to be орсон нөхцөлд үйл үгийн ард ордог.

She is always late.

Тэр дандаа хоцордог.

They are never on time.

Тэд хэзээ ч цагтаа ирдэггүй.

Давтамж илэрхийлсэн дайвар үгсийг хувьд шилжүүлвэл:

always - дандаа - 100%

almost always - бараг тогтмол - 90%

frequently -- үргэлж 80%

usually - ер нь -70%

often - байнга 60%

sometimes - заримдаа -50%

occasionally - хааяа - 40%

seldom - ховорхон -30%

rare - цөөхөн -20%

almost never -бараг үгүй -10%

never - хэзээ ч үгүй - 0

Монгол хэлний маань асуух өгүүлбэр ...бэ? ...вэ? ...юу?, ...уу? -гийн аль нэгээр төгсдөг байхад англи хэлний өгүүлбэр нь Present Simple Tense цаг дээр DO...? Does...? гэж хоёр янзаар эхэлдэг. Бид "Сайн уу?" гэхийг "Сайн вэ?" гэж асуудаггүйтэй адил англиар DO...? Does...?хоёрыг хольж хутгаж болохгүй. Хэн нэгэн хүний тухай асууж лавлахад Does...? ордог бол бусад нөхцөлд DO...?-г хэрэглэдэг.

Do you play tennis?

Та теннис тоглодог уу?

Where do they work?

Тэд хаана ажилладаг вэ?

Where does she work?

Тэр эмэгтэй хаана ажилладаг вэ?

How well does Tuul speak English?

Туул англиар хэр зэрэг сайн ярьдаг вэ?

Үгүйсгэсэн өгүүлбэрт гуравдугаар бие дээр үйл үгийн өмнөх does нь doesn't болж хувирна.

Does Bold work with you?

No, he doesn't.

Болд чамтай хамт ажилладаг уу?

Үгүй.

Does he speak Chinese?

No, he doesn't speak Chinese.

Тэр хятадар ярьдаг уу?

Үгүй, тэр хятадаар ярьдаггүй.

1,2-р бие дээр үйл үг үндсэн хэлбэрээрээ ордог бол 3-р бие дээр -s нэмэгддэг.

I study here. Би энд сурдаг.

You study here. Чи энд сурдаг.

He studies here, too. Тэр бас энд сурдаг.

Tuya doesn't study. Туяа сурдаггүй.

I like coffee. Би кофенд дуртай.

She likes coffee, too. Тэр бас кофенд дуртай.

She knows you very well. Тэр чамайг сайн мэднэ.

John doesn't drive a truck. Жон ачааны тэрэг барьдаггүй.

He drives a taxi. Тэр таксины жолооч.

It scares me. Би үүнээс айдаг.

He smokes. Тэр тамхи татдаг.

She plays chess. Тэр эмэгтэй шатар тоглодог.

The Sun sets in the west. Нар баруун зүгт жаргадаг.

We go shopping on Saturdays. Бид хагас сайн өдөр дэлгүүр явдаг.

They always walk to school. Тэд сургууль руугаа дандаа явган алхдаг.

Англи хэлний энгийн одоо цаг нь байнга давтагдаж байдаг зүйлийг илэрхийлдэг.

Ш.Наранчимэг

No comments: